Ном уншигч гэж юу байдгийг анх сонсчихоод дээр нь зөвхөн ном л уншиж болдог юм байж яасан үнэтэй юм гэж бодох нь хүмүүсийн дунд элбэг. Компьютер, iPhone эсвэл iPad дээрээ ном уншаад болж байхад юунд хэрэгтэй юм гээд л. Тэгвэл сая дурьдсан бүх төхөөрөмжүүдийн дэлгэц нь гэрэл цацруулдаг тул нүдэнд их ачаалал өгдөг, удаан харж суун ном уншихад тохиромжгүй байдаг. Харин ном уншигчуудад ашиглагддаг E-ink буюу электрон бэх гэдэг технологи нь ердийн электрон төхөөрөмжийн дэлгэц шиг гэрэл цацруулдаггүй тул нүдэнд огт хоргүйн дээр үүсгэх дүрс нь хэвлэгдсэн сонингийн хуудас шиг л харагддаг юм. Тэгэхээр ном уншигч нь компьютер дээрээ олон цаг сууж юм уншдаг, эсвэл юм унших гэж байнга материалаа цаасан дээр хэвлэдэг хүмүүст их амар байна.
Электрон ном ойролцоогоор 500KB-1MB-ийн хэмжээтэй байхад ихэнх ном уншигчууд дор хаяж 500MB гарам багтаамжтай байдаг. Ер нь уншъя гэж бодсон бүх номоо дуртай газраа аваад явчиж болно гэсэн үг. Гэрийнхээ номын санг тэр чигээр нь халаасандаа хийгээд авч явж болно гээд ном уншигчийг сурталчлаад байдгийн учир тэр.